Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Цогтбаяр: Би Төрийн ордны урд зулын гол болоход бэлэн байна

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 11 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Монголын Чөлөөт Бөхийн холбооны удирдлагын шийдвэр, Удирдах зөвлөлийг эсэргүүцэж өнөөдөр багш, дасгалжуулагчид мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, Б.Баяраа нараас гадна олон тооны тамирчид оролцсон юм.

Маргааш буюу 11 дүгээр сарын 19-ний өдөр Төрийн ордонд МЧБХ-ны ээлжит бус их хурал болох ажээ. Уг их хуралд зарим дасгалжуулагч, тамирчдыг оруулахгүй гэсэн шийдвэр гарсан байна.

Энэ талаар дасгалжуулагч Б.Баяраа “Бид бүхний маргалдаад байгаа, тэмцээд байгаа асуудал Монголын чөлөөт бөхийн хөгжлийн төлөө юм. Үүнийг эрс шинэчилмээр байна. Энэ олон аавын хүүхдүүдийн өв тэгш хүмүүжил, цаашид тив дэлхийд гаргах амжилтуудыг шинжлэх ухааны үндэслэлтэй бий болгож, сайхан орчин бүрдүүлж, чармайж ажиллах зорилготой яваа юм. Түүнээс биш бид өөрсдийнхөө төлөө яваагүй юм шүү. Бидний ирээдүй гэрэлтэй, шударга байгаасай гэж хүсэж байна.

Бид чөлөөт бөхийн дэвжээн дээр төрсөн юм шиг ажилладаг. Хөлсөндөө чанагддаг. Энэ бүхнийхээ төлөө бид өөрсдийнхөө хувь тавиланг өрөөл бусад, хаа хамаагүй улсуудаар шийдүүлэх ёсгүй. Биднийг яагаад тэр хуралд оруулахгүй байгаа юм. Ингэснээр бид сонгох, сонгогдох, саналаа өгөх эрхгүй болж байна.

Наад захын жишээ гэвэл Монголын тамирчдыг тив, дэлхийд бэлдэж буй дэвжээг очоод хар л даа. Уранхай дэвжээн дээр ямар ч агааржуулалт байхгүй жижиг танхимд бэлтгэл хийж байгаа. Гэтэл хажууд нь жүдогийн заалыг хар. Зургаан цоо шинэ дэвжээ дэвсчихсэн, хэдэн мянган хүүхдүүд хичээллээд энэ спортыг хөгжүүлж байна. Үүнээс харьцуулаад харахад л энэ удиррдлагууд энэ спортыг яаж байгаа нь харагдаж байна” гэв.

Маргааш болох их хуралд хэрэв оролцуулахгүй гэвэл дасгалжуулагч Ц.Цогтбаяр тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэв. Түүний хэвлэлийн бага хуралтай холбоотой гурван цагдаа танхимын үүдэнд ирсэн байв.

 
Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр энэ тухай “Зарим тамирчдыг маань хавчин гадуурхдаг. Энэ тамирчдынхаа дууг яагаад сонсож болдоггүй юм бэ гэдэг асуудлыг бид тавьдаг. Үнэхээр бид тэдэнтэй учраа олж чадахгүй, биднийг ойлгохгүй байна. Тэд төрийн тусгай хамгаалалтаар, төрийн тусгай ордонд, өөрсдийн захиалгат хүмүүсээ авчирч хурлаа хийхээр төлөвлөсөн байгаа.

Ийм учраас би өчигдөр энэ тухай мэдэгдэл хийж тэмцлийн хурц хэлбэрт орно. Өөрийгөө би шатаана гэж хэлсэн байр суурин дээрээ хэвээрээ байгаа. Эд нар хэрвээ Төрийн ордонд өөрсдийн хамсаатангуудтайгаа хурлаа хийвэл би үүдэнд нь зулын гол болоход бэлэн байгаа гэдгээ дахин хэлж байна.

Яагаад гэвэл энэ бөх гэдэг Монголын ард түмний хайртай спорт. Ганц хоёр Р.Сүхбат, Д.Сумьяабазар гэдэг хүний өмч биш ээ” гэв.